“Эх
орон таныгаа тэврээд гүйхсэн...”
/Àян замын тэмдэглэл/
Улаанбаатараас
Эрээний чиглэлийн галт тэрэг 2-р зам дээр тавигдаж СУИС-ийн РТВС-ийн хэсэг
оюутан залуус бид холын аянд гарах гэж байна. Хэн хэн нь энэ аялалыг
удаан хүсэн хүлээсэн нь илт. Тиймээ, бид ямар их хүлээсэн гээч...
Хэдийгээр
нэг сургуулийн нөхөд ч гэлээ зүс танихаас хэтрэхгүй байсан бид төд удалгүй
танилцаж, инээд наргиан болсоор үдэш боллоо. Өглөө нар мандах мөчид бид
Замын-Үүдэд хүрэв. Тэндээс нэг их удалгүй эртний уламжлалт Хятад орны хойд
үүдэн дээр ирлээ. Ингээд нэгэн өөр ахуй, өөр соёлд ороод явчих нь тэр.
Эрээн хот нь
Хятад улсын ӨМӨЗО-ны хойд хэсэгт Монгол улсын Замын үүдээс 9 км-ийн зайд орших
авто зам болоод төмөр замын хамгийн том боомт хот юм. 1956 онд
Бээжин-Улаанбаатар-Москвагийн чиглэлийн галт тэрэг тавигдаснааар Эрээн хот
байгуулагдсан бөгөөд Хятад улсын гадаадтай чөлөөтэй харилцах хилийн хамгийн
том анхны 13 хотын нэг, 100 мянган хүн
амтай. 20 жилийн өмнө буйд газар байсан
Эрээн өнөөдөр цэцэг навч алаглуулан, зулзаган модод эгнүүлэн тарьж, өргөн
дардан зам гүүр, өндөр өндөр байшин сүндэрлүүлжээ. Хятад хүмүүсийг хөдөлмөрч
гэдэг үнэний ортой бололтой. “Өөдлөх айл үүднээсээ” гэдэг. Хятад орны өнгө төрх
тодроод ирлээ.
Эрээн
хотод манай сургуулийн сэтгүүлчийн 3-р ангийн оюутан Оюунсувд биднийг найрсгаар
тосон авч өөрийн нутаг Шилийн гол аймаг руу хүлгийн жолоог удирдан заллаа.
ХӨТ: Эхний хэсэг буюу Гэрэлт хот...
“Шилийн
гол” гэж босоо монгол бичгээр бичсэн хаалгаар орсноор бид зорьсон газраа ирлээ.
Удалгүй орчин үеийн өндөр өндөр барилгууд, зам дагуу эгнэсэн өнгө өнгийн
дэнлүүний гэрэлд модод солонгорон ёстой үлгэрийн юм шиг сайхан хот биднийг
угтлаа. Үдшийн 22 цаг болжээ. Хот хэдийнээ нойрсож эхэлсэн бололтой. Өргөн дардан зам дээр машин цөөн. Харин унадаг дугуй, мотоцикль
унасан хүмүүс харагдана. Шилийн хот надад “гэрэлт хот” мэт санагдлаа.
Шилийн
гол аймгийн Радио-Телевизийн хорооны орлогч дарга Гэрэлцог тэргүүтэй хамт олон
биднийг халуун дотноор угтан авч, тохилог буудалд буулгаад дараа нь үдшийн зоогоор
дайлсан юм. Хотын сайханд нүд унагаж явсан бид өлсөж цангаснаа ч мартжээ. Өнгө
алагласан амтат зоог ширээ дүүрэн өрөөтэй хэдий ч дасаагүй үнэр амт, үзээгүй
ургамал ногоо ходоодонд минь яадаг бол гэсэндээ идэж дадсанаараа мах голдууг
болоод шарсан загаснаас амтархан идлээ. Чин үнэндээ биднийг ийнхүү найрсгаар
угтаж дайлж цайлна чинээ хэн маань ч төсөөлөөгүй билээ.
Өглөө нар мандсан
даруй эртэч хэд нь Шилийн хотын гоё сайхныг харахаар яаран бослоо. Чука багш З
жилийн өмнө Шилийн хотод сурвалжлах ажлаар ирж байсныхаа хувьд бидэнд: “Өвөрмонголын
12 хот аймгийн нэг нь Шилийн хот бөгөөд Шилийн аймаг нь дотроо 9 хошуу, 1 шиан,
1 тусгай бүс нутагтай. 100 сая гаран хүн амтай бөгөөд 30 хувь нь монголчууд.
Шилийн гол аймаг ашигт малтмалын нөөцөөр нэн баялаг. 2003 оноос нүүрс, өнгөт
төмөрлөг, нефьтээ ашиглаж эхэлсэн. Нүүрсний чанарын хувьд ярих юм байхгүй сайн.
Салхины эрчим хүчийг ашиглах талаар өндөр ахицтай яваа. “21-р зууны эхний 10
жил Ордосынх байсан бол дараагийн 10 жил нь Шилийн голынх болно” гэсэн яриа байдаг
юм. Дэлхийн алдартай 4 том талын нэг нь Шилийн гол аймагт байдаг юм. Энэ
газар Юань гүрний үеийн үүх түүхтэй
холбоотой дурсгалт зүйл арвин. Юань гүрний үеийн Дээд нийслэл Шулуун хөх гэх
газар бий. 11 хааны 6 нь чухам энэ Дээд нийслэлд хаан сууринд суусан түүхтэй.
Эртний хаад зуны халуунд Дээд нийслэлдээ ирж, сэрүү орохоор Бээжиндээ буцдаг
байжээ. Байгалийн үзэсгэлэнгээс гадна түүхийн өв, монгол соёл хадгалагдаж
байдаг тул сүүлийн үед аялал жуулчлал ихээр хөгжүүлж байна” гэх зэрэг олон
сонирхолтой зүйл хэлж өгсөн юм. Эрт босвол нэгийг дуулна гэдэг энэ дээ.
Өглөөний 9 цагт
уулзахаар тохирсон манайхан уван цувсаар товлосон цагаасаа нилээдгүй хоцорлоо.
Эндхийхэн цаг хатуу барьдаг нь Гэрэлцог гуайн царайнаас илт. Би ч дотроо санаа
зовж л байлаа.
Бид Шилийн хотын хойд энгэрт
орших хаад хаадын үеэс тахиж шүтэж ирсэн Эрдэнэ овоон дээр гарч Бээсийн сүмийн
дэргэд зургаа татуулж, бас энэ их шүтээний үүх түүх угсаа гарвалыг мэдэхээр
Шилийн хотын Утга уран зохиолын хорооны соёлын ажилтан Доржсүрэн гуайтай хууч
хөөрсөн юм.
Эрдэнэ-Овоо нь
1753 оноос эхлэн байгуулсан 13 овоо болно. 13 овоо нэг бүр өөр өөрийн бэлэгдлийн утгатай бөгөөд Эрдэнэ-Овоог
буддын шашны уламжлал ёсоор тахидаг гэнэ. Тэрхүү их тайх ёслолын өдөр жил
бүрийн билгийн тоололын 5-р сарын 13-ны өдөр болдог гэнэ. Эрдэнэ-Овооны доод
хэсэгт орших Бэйсийн сүм нь Өвөр монголын буддын шашны 4 том сүмийн нэг. Чин
улсын Тэнгэр тэтгэгчийн 8-р он буюу 1743 онд эхэлж байгуулжээ. Чогчин дуганаар
төв болгож, хоёр талаар нь Чойрын дуган,
Мянганы дуган , Жодбын дуган, Лаврангийн дуган, Манбын дуган зэрэг байдаг юм
байна. Сүмийн хаалгуудын дэргэд цөм талбай болон халхавч хэрэмтэй юм. Зүүн баруун тийш
нэвтрэх замаас гадна, бас богино хэрэм барьж талбайг битүүмжилсэн орон зайтай
болгосноос буддын сүмийн талбайд нэлээд ховор тохиолддог хэлбэр болжээ.
Бэйсийн сүмийг монгол, хятад үндэстний
хамтаар бүтээсэн эртний барилгын үнэт эрдэнэ гэж хэлж болно. Барилгын урлагийн
талаар, монгол, хятад, түвд зэрэг олон үндэстний урлагийн хэв намбыг уялдуулж,
үндэсний соёлын гүн гүнзгий утгатай болсон байна. Шилийн хотын түүх Бээсийн
сүмээс эхлэх учиртай гэдгийг мэдэж авлаа.
Шилийн хотод үзэж харах зүйл
нэн арвин тул бид Эрдэнэ овоо, Бээсийн сүмийг түр орхиж, Үзэмчин хошууны өмсгөл
зүүлтийг сонирхож сурвалжлахаар үйлчин Нарангуаг зорьлоо. Үүдээр оруут нүдний өмнө урлагийнхны гоёл
гэмээр өнгө алагласан олон дээл дэлгээтэй, өлгөөтэй. Сайтар ажиглан харвал нэг
бүр нь хээ угалз, уран хатгамалаар дүүрэн байх аж. Ёстой үйлэнд уран хүний бүтээл
юм. Бид ч гайхан шагширч заримыг нь өмсөж зүүж зураг хөргөө татуулж, элдэв зүйл
сонирхон асууж лавлан сурвалжлах ажилдаа орлоо. Үзэмчин дээл бүгдэд маань тун
сайхан зохиж байна гээч, яг л бидэнд тааруулж оёо уу гэлтэй. Манай нутагт нэг
дээлийг хоёр хоногт оёж дуусдаг бол энд бол дор хаяж хоёр сар илүү хугацаа бүр
цаашлаад хоёр жилийн хугацаанд урладаг гэнэ. Аргагүй биз дээ, үзэмчин дээл гэж
тэр чигээрээ уран хатгамал юм чинь. Ер нь өмсөж эдэлж хэрэглэхээс илүүтэй
урлагийн ховор нандин бүтээл гэмээр. Энэ талаар манай багийнхан бие даасан томоохон
нэвтрүүлэг бэлтгэхээр болсон тул энэ талаар товч дурдлаа.
Монгол Юаны соёлын төвөөр аялахад сэтгэл зүрх минь
хамгаас илүүтэй огшлоо. Учир юу хэмээвээс их хаадын хөшөө дурсгалаас гадна
домог түүхийн эздийг ч орхилгүй нэгд нэгэнгүй чулуун баримал босгожээ. Энэ их
бүтээн байгуулалтыг асар их хөрөнгөөр
гар таталгүй цогцлоожээ. Өвөрмонголын ахан дүүс маань биднээс илүүтэйгээр өв
соёл, үүх түүхээ аргагүй бахархан, хүндлэн дээдэлдэг түмэн юм.
Шилийн хотоор
аялж байхад шинээр баригдсан барилга бүрийд үндэстний онцлогийг харуулсан хээ
хуар, учир утга бүхий сүлд тахилга их байх юм. Энэ бүхнийг хараад үнэхээр
сайхан санагдаж байлаа. Замын хоёр хажуугаар эгнүүлэн тарьсан зулзган
модод, өнгийн цэцэгсийг харсан хэн бүхний
сэтгэл сэргээд ирэх юм. Болдогсон бол энэ бүхнийг “Чингисийн монгол” хэмээн
цээжээ дэлддэг хирнээ эх түүхээ өдрөөс өдөрт мартаж суугаа бүхэнд нэг
харуулахсан. Үнэндээ би ч тэдний нэг байсан. Харин одоо бол өөрөөр бодох
болсон.
Шилийн гол
аймгийн хамгийн сайхан газарт бид хүрч очлоо. Намуухан долгиолох Шилийн голыг
хараад өнөө дуу хуурын эзэн их уснаа хүрч ирсэндээ сүрдэн байлаа. Энэ
голын голдирлыг дээрээс харах ахуйд
босоо монгол бичгийн ШИЛИЙН ГОЛ гэдэг үгтэй дүйн урсдаг гэнэ. Тэгээд Шилийн гол
хэмээн нэрийдсэн юм байх. Энэчлэн олон сайхан сонирхолтой хууч яриа сонсож
тэмдэглэж авав. Дараа нь ариун дагшин гол дээр ирснийх уснаас нь магнайдаа
хүргэлээ. Сэтгэл хөдлөөд дотор нь ч зогсоод үзчихлээ. Сэтгэл сайхан болоод
явчихлаа. Ай, Шилийн голоос хөдлөхөд сэтгэл хоргодоод байх чинь ээ. Яахсан билээ...
Үзэсгэлэнт Шилийн голын хөвөөн
дээр бид ногоон мэлхийтэй хөөцөлдөж, тэмээ шиг шумуултай байлдан байж сайн
нэвтрүүлэг хийхийн тулд цуглуулсан баримтаа хэрхэн сонгож тэмдэглэл бичих,
зургаа яаж зөв авах, яаж уран найруулах гээд тус тусын мэргэжлийн багш нарынхаа
заавар зөвлөгөөг сонсож нэг ёсондоо хөх тэнгэрийн дор, нов ногоон ширгэн дээр
Шилийн голын аялгуутай нэгэн өвөрмөц сургалтанд суулаа.
Шилийн голын
хөвөөнөөс буцах зам зуураа бид нэгэн том бүтээн байгуулалтын ажилтай танилцаж
дөнгөж саяхан сонсож дуулсан мэдлэгээ практик дээр хэрэгжүүлэв. Энд хөдөлмөр
оргилж байна. Хүний гараар томоос том гүүр босож байна. Энэ бол Бээжин хүрэх
галт тэрэгний зам дээгүүр тавьж байгаа гүүр. Танд энэ хөдөлмөрийн чимээг
дуулгая.
Хажуугаар өнгөрөх төмөр зам
Бээжин хүрнэ гэнэ. Тэр нэгэн цагт олон өдөр, олон шөнө тэмээн жин хөлөглөн байж
Бээжин хүрдэг байсан бол энэ цаг дор
ердөө хэдхэн цаг хурдлаад Бээжинд очих боломжтой болжээ. Шилийн хотынхон
энэ замаар явах цаг тун ойрхон болжээ. Ер нь энэ нутагт хаа сайгүй зам тавьж
байна. Зам дагаж хөгжил гэдэг энэ ажээ. Бид ийн явсаар Шилийн хотод орж ирэх
үесд том том ширхэгтэй бороо орлоо. Энэ бороо тун сонин. Юу нь сонин гэж гайхаж
байна уу? Нартай бороо... Дээр цэв цэнхэр тэнгэр хэсэгхэн цагаан үүл... Түр
зуур цөөн бороо хаялаа биз гэж бүү бодоорой. Орсон борооны ус зам дээгүүр урсаж
байна гээд бод. Энэ нартай бороо Шилийн хотод үзсэн байгалийн нэгэн сайхан
үзэгдэл байсан юм. Манайхан автобуснаасаа харайн бууж энэ ховорхон үзэгдлийг
зураглаж, овсгоотой зарим нь зургаа татуулж амжсан юм. Магадгүй Шилийн гол
манай аялагчдад өгсөн нэгэн бэлэг ч юм билүү.
Шилийн хотод
өнгөрүүлсэн 4 хоногт бид их ч юм үзэж, олон ч зүйлийг судалж сурвалжиллаа.
Манайхны зарим нь Үзэмчин бөхийн тухай нэвтрүүлэг бэлтгэхээр алдарт бөхтэй
уулзаж ярилцлага хийх, бас зарим нь Шилийн хотын Монгол дээд дунд сургууль
дээрээс сурвалжлага бэлтгэх гээд бүгд л өөр өөрийн төлөвлөсөн зүйлийнхээ дагуу
ажилласан болохоор тэдний бичсэн тэмдэглэлээс илүү дэлгэрэнгүй зүйлийг та олж
мэдэх болно.
Аяллын
сүүлчийн өдөр бид Шилийн гол аймгийн Радио-Телевизийн Хороогоор орж Шилийн
голын Ардын радио хорооныхонтой танилцлаа. Шилийн голын Радио, телевизийн хороо давхар сүрлэг байшинтай юм. Энэ
сайхан цогцолбор нь онд ашиглалтанд
орсон гэнэ. Бүх юм нь цэмцгэр сайхан газар. Цахилгаан шатаар өгсөж Радио
хороонд орж ирлээ. Шууд нэвтрүүлэг явж байна. Тэд бүгд ажилдаа чин сэтгэлээсээ,
бас туйлын хариуцлагатай ажилладаг нь шууд л харагдаж байлаа. Бид бас Сонины
хороогоор зочиллоо. Малчиддаа зориулан “Шинэ малчин” сонин эрхлэн гаргадаг юм
байна.
Үдэш нь Шилийн хотын
Радио-Телевизийн Хорооны орлогч дарга Гэрэлцог тэргүүтэй хариуцлагатай
ажилтнууд биднийг үдэж Монгол зоогийн газар үдэлтийн зоог барьсан нь бас нэгэн
сурпериз болов. Учир нь бид бүгд л монгол хоолоо маш их санаж байсан юм.
Үдэлтийн зоог дээр сүүтэй цайнаас эхлээд том том бууз, гурилтай шөл гээд... юу
эс байх билээ. Яг л гэртээ байгаа юм шиг тухалсан даа. Ер нь манай өвөрлөгчид
онцгой гойд зочломтгой хүмүүс юм. Хүнийг их бага гэлтгүй хүндэтгэж үзнэ.
Радио-Телевизийн том ажилтнууд оюутан залуус биднийг хүүхэд гэж үзэлгүй ингэж
хүндэтгэж байна шүү дээ. Юу байна түүгээрээ хариу барь гэдэг ёсоор бид Шилийн
хотын Радио-Телевизийн ах эгч нартаа дуу дуулж, шүлэг уншиж хариу барив. Бидний
дуулсан дуунаас Зураглаачийн 4-р ангийн Тэнгис, Сэтгүүлчийн 3-р ангийн
Мөнх-Оргил хоёрын хоршин дуулсан Аавын тухай дуу, мөн Мөнх-Оргилын зохион
дуулсан хип хоп дуу онцгой гойд таалагдаж, тэд залууст зориулсан дуу хөгжмийн
цагаараа оруулах болов. Бидний дунд бас нэг авьяастан явааг бид тэр найран дээр
олж мэдсэн юм. Магадгүй тэр сэтгэл хөдөлсөндөө өөрийн нууцаа дэлгэсэн ч байж
магад.
Хаа газрын аялагчид хөгжилтэй
явдаг хойно бид ч бас хөгтэй хөгжилтэй явж байлаа. Тэнгис, Мөнх-Оргил хоёрыг
Аавын тухай дуу дуулснаас болоод “Гэрээсээ гараад гурав хонохгүй аавыгаа
санадаг хөвгүүд”, Найруулагчийн ангийн охин Эрдэнэтуяа Шилийн хотоос мордох
өглөө паспортоо олохгүй бүгдийг сандаргасан тул “Хил дамнасан үймээн таригч”
гэх зэрэг нэр өгч, хөгтэй хөгжилтэй явлаа.
Ингээд бид
маргааш өглөө эртэч шувуутай уралдан босож Шилийн хотоос мордлоо. Нартай,
хуртай “Гэрэлт хот” минь баяртай.
Удаах хэсэг буюу Талын малчин
айлд өнгөрүүлсэн хоёр хоног...
Авга хошуугаар дайран бид зүүн
Сөнөдөд ирлээ. Эндээс бидний дараагийн аялал эхлэж байна. Энэ тухай бусад нөхөд
маань илүү дэлгэрэнгүй бичих тул би товч өгүүлье.
Хуучны намхан
намхан урт улаан тоосгон байшингаас илүүтэй орчин цагийн өндөр өндөр барилга
сүндэрлэн харагдана. Манайд бол сумын төв байтугай аймгийн төвд ч ийм хөгжил
байхгүйд битүүхэндээ атаархана. Биднийг Зүүн Сөнөдийн төвд Оюунсувдын гэр бүл З
машинаар тосон авч даруй нэг газарт аваачсан нь Зүүн Сөнөд хошууны түүхийн
музей байлаа. Хэрвээ энэ хошууны үүх түүхтэй танилцья гэвээс энэ музейд орсон
байхад хангалттай. Тэд биднийг яаран яаран энд авчирсан нь ийм учиртай байжээ.
Энэ музей гаднаасаа ч дотроо ч асар том цогцолбор юм.
2007 онд ашиглалтанд орсон гэнэ. Дотор тал нь их өвөрмөц. Монгол гэрийн ур
ухааныг бүрэн шингээж урлажээ.. Гэрийн тооно, унь, хана үүсгэн засаж чимсэн
болохоор үүдээр нь оруут та асар том өргөө гэрт орсон мэт сэтгэгдэл төрнө. Энэ
бол зөвхөн гол танхим нь. За тэгээд цаашаа явбал монгол ахуй, үүх түүхээ хэн
бүхний нүдэнд илхэнээ дэлгэн тавьжээ. Сайхан музей байна. Манай аялалынхан энэ
музейд нилээдгүй саатаж, хоёр цаг шахам эзэгнээд авсан шүү.
Ингээд бид Оюунсувдынд
зочилохоор цааш хөдөллөө. Шув шулуун дардан сайхан замаар 100 км/секундээс
буулгүй давхисаар цаг хүрэлгүй тэднийд хүрлээ. Манай Оюунсувдын аав Гэрэлтбилэг
мянгат малчин гэнэ. Эднийх тэмээнээс бусад малтай юм. Арав гаруй азрага адуу,
З0 илүү үхэр, 600-гаад хоньтой гэнэ. Сөнөд хонь биеэр лагс, манайхаас ч цагаан
ноостой юм. За тэгээд эднийх олон өрөө бүхий том цагаан байшинтай. Бас салхин
сэнсээр нарны эрчим хүч ашигладаг юм байна. Сонирхолтой нь манай Монгол улсын
бараг бүх сувгийн нэвтрүүлэг гардаг гэнэ. Биднийг хүрч очиход хамаатан
саднаараа цуглачихсан их найрсгаар хүлээн авч зүйл зүйлийн цагаан идээ дэлгэж,
цай хоолоор дайлав. Бидэнд зориулж монгол гэрээ бариад, бүр хонь гаргасан гээч.
Манайхан ч сөнөд хонины махны амттайг гайхан махсаагаа ёстой нэг гаргах шиг
болов. Ээ, энэ өвөрлөгчид үнэхээр зочломтгой, тун найрсаг хүмүүс юм. Энэ
талаараа биднээс ч илүү юм гээч.
Би багаасаа
үхэр мал дээр өссөн болохоороо саалийн цагаар ээжтэй нь хамт үхэр сааж найз
нарыгаа гайхшруулсан. Манайхантай яг адил зүстэй монгол үхэр юм байна. Бидний
дунд үхэр сааж чаддаг хүүхэд олон байсан ч зан мэдэхгүй мал хэцүү гээд
ойртсонгүй. Харин би л зоригтой байсан даа. Хараажаар аав ээждээ тусалдаг сайн
охин байна гэж багш нар магтсан шүү.
Миний бодлоор
тэднийд байх цаг үе хамгийн сайхан дурсамжтай мөч байсан. Малчин Гэрэлбилэгийнд
бид хоёр хонохдоо эгээ л өөрийн гэрт эжий аавынхаа дэргэд байгаа юм шиг
өнгөрөөсөн. “Шөнөд оройгүй, Сөнөд хүн эрээгүй” гэдэг үг ёстой үнэн юм билээ.
Сүүлийн хэсэг буюу Үлэг
гүрвэлийн нутаг-Эрээн...
Ирсэн гийчин
буцдаг жамтай хойно бид “гэрийн” зүг мордлоо. Ирсэн замаараа сурсан дуугаа
дуулсаар хилийн боомт Эрээнд хотод эргэж ирлээ. Энд бид хоёр хоног төөрүүлэхдээ
нэгэн сонирхолтой мэдээлэл олж мэдсэн юм. Эрээн дэлхийд нэртэй “Аврага
гүрвэл”-ийн нутаг гэнэ. Олон улсын амьд бодисын номонд хамгийн эрт
тэмдэглэгдсэн чулуужсан аварга гүрвэлийг ясыг энэ нутгаас нээж олсон нь олон
улсын амьд бодисын ертөнцөд нэлээд шуугиан дэгдээжээ. Үүнийг Америкийн “Эрин
үе” сэтгүүл 2007 оны байгалийн ШУ-ны 10 том нээлтийн нэгээр тодруулж, мөн
Гиннесийн номонд тэмдэглэжээ. Энэ нь Хятад улсын нэгэн бахархал болж асар том
газар нутгийг дархалж, дээр нь зүйл бүрийн үлэг гүрвэл бүхий баримал босгож
байгалийн ил үзмэр байгуулж эхэлжээ. Энэхүү чулуужсан аварга гүрвэлийн дархан цаазат
газар нь Эрээн хотоос зүүн хойшоо 9 км зайтай орших бөгөөд нийт талбай нь 110
кв.км бөгөөд энэ нутгаас Таваглаг
туурайтай гүрвэл, Өү овогт А-цай гүрвэл, Нугасан хошуут гүрвэл, Хуягт гүрвэл,
Эвэрт гүрвэлийн чулуужмал болон тэдгээрийн бүрэн бүтэн араг ясны чулуужмалыг
олж илрүүлжээ. Сонирхолтой нь эдгээр аварга гүрвэлийн барималыг нээж олсон
тухайн газар дээр нь байрлуулсан гэнэ. Энэ бүхэн гадаадынхны сонирхлыг ихээр
татаж байгаа тул жуулчны газар байгуулж, одоо бүр нисэх онгоцны буудалтай
болсон. Би энэ тухай олж мэдэх хүртлээ манай улс л үлэг гүрвэлийн уугуул нутаг
төдийгүй, хамгийн ховор сонин олдворуудтай гэж ойлгодог байлаа. Гэтэл жинхэнэ
уугуул нутагт нь байхгүй зүйлийг энд босгожээ. Атаархмаар ч, бачимдмаар ч...
“Чадаж байгаа юманд арга байхгүй” гэдэг үг ёстой энэ юм даа.
Эрээнээс галт
тэрэг эх орны зүг хөдлөхөд яагаад ч юм гэнэт яарах сэтгэл төрөв. 9 хоногийн
өмнө Хятад улс, Шилийн гол аймаг руу явах гэж яаран догдолж байсан бол одоо мөн
л яарч догдолж эхэллээ. Гэхдээ энэ яаралт, энэ догдлол илүү хүчтэй байлаа.
“Хил ойртох
тусам эх орноо хайрлах хайр минь аргалын гал шиг энгэр цээжнээс зөөлөн төөнөж,
уй шаналан минь хоолой дээр торох амуй. Хурдан морины хүүхэд насанд унасан
хүлэг минь хамгийн сүүлд ирэхэд төрдөг тийм нэгэн хөндүүр төрмүй. Хөгжил дэвшил
өөд таныгаа тэврэнхэн гүйхсэн” хэмээсэн сэтгүүлч, яруу найрагч Да.Нямаа
хэлсэнчлэн хөгжил дэвшил өөд таныгаа тэврээд гүйхсэн, эх орон минь...



1 comments:
Zadgai bichih yumaa
Post a Comment